Шүүхийн захиргааны ажилтнуудын бүсийн сургалт Архангай аймагт амжилттай эхэллээ. Тус сургалтад Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын шүүхүүдээс шүүхийн захиргааны нийт 55 ажилтан хамрагдаж байна. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг нар оролцож, шүүх эрх мэдэл, шүүхийн шинэчлэл сэдвийн хүрээнд Шүүхийн тухай хуулийн шинэ үзэл баримтлал, хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал сэдвээр Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нар хичээл заасан юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг “Хүний зан төлөв, төрөлхийн авьяас чадварыг тодорхойлох нь” сэдвээр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцан хандлага” сэдвээр тус тус хичээл заана.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг “Хэргийн хөдөлгөөний удирдлага” сэдвийн хүрээнд шүүхэд хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх, анхаарах практик асуудлууд сэдвээр маргааш хичээл заах юм. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс