СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Нэг. Анх байгуулагдсан тухай товч түүх
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчлэн, засаг захиргааны зохион байгуулалт хийжээ. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд 1965 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан Октябрийн районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Октябрийн районы ардын шүүхийг анх үүсгэн байгуулсан байна.
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж, улмаар Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Октябрийн районы шүүхийг “Баянгол дүүргийн шүүх”, “Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүх” болгон өөрчилж, мөн 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Сонгинохайрхан дүүргийн шүүх” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.
Тус шүүхийн анхны Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа, шүүгчээр Ү.Түмэнжаргал, Н.Ичинхорлоо, Б.Идэрчулуун, Т.Доржбат, Д.Чулуунбаатар, П.Сарантуяа, нарийн бичгийн дарга Ж.Кульдана, Ц.Оюунчимэг, бичээч И.Сэлэнгэ нар ажиллаж байжээ.
- Шүүхийн Ерөнхий шүүгчид /1993-2013 он/
Б.Сарантуяа 1993-1999 он
Т.Уранцэцэг 1999-2006 он
Т.Цогтсайхан 2006-2009 он
Л.Сарангэрэл 2009-2011 он
Ж.Эрдэнэчимэг 2011-2013 он
Хоёр. 2013 оны Шүүхийн байгуулах тухай хуулийн өөрчлөлт /Тойргийн журам/
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар дүүргийн шүүхийг тойргийн журмаар, хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулсан. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх” нэртэйгээр байгуулагдаж, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 71 хорооны 172.020 га газар нутагт, 582.008 хүн ам, 20.109 төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын хүрээнд шүүн таслах ажиллагааг явуулж эхэлсэн.
- Шүүхийн Ерөнхий шүүгчид /2013-2016 он/
В.Жавхлан 2013-2014 он
Ж.Эрдэнэчимэг 2014-2016 он
Гурав. 2015, 2016 оны Шүүх байгуулах тухай хуулийн өөрчлөлт /Дагнасан шүүх/
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар дүүргийн шүүхийг тухайн дүүргийн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу хэрэг маргааны төрлөөр дагнасан хэлбэрээр дахин өөрчлөн байгуулсан.
Тус хуулийн хэрэгжилтийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэртэйгээр тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах хэрэг маргааныг хянан шийдвэрлэж эхэлсэн. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн өөрчлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэрээр байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан шүүн таслах ажиллагааг явуулж байна.
- Шүүхийн Ерөнхий шүүгчид /2017-2021 он/
Б.Цолмонбаатар 2017-2019 он
Б.Хишигбаатар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус шүүх нь 13 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх” чиг үүргээ аливаа этгээдээс хараат бус байдлаар, хуульд захирагдах зарчмын хүрээнд хэрэгжүүлж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР